Өчигдөр Гадаад харилцааны яамны өмнө иргэн Б.Аригууныг цагдаагийн алба хаагчид баривчилж байгаа дүрс бичлэг цахим орчинд цацагдсан. Тус дүрс бичлэг нь олон нийтийн дунд ширүүн маргаан өрнүүлээд байна. Учир нь цагдаагийн алба хаагчид иргэнд хуулийн дагуу шаардлага тавиагүй, хууль журам танилцуулахгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан нь зарим иргэдийг бухимдуулав. Тиймээс бид болсон үйл явдлыг тодруулахаар иргэн Б.Аригуунтай холбогдлоо.
-Дүрс бичлэг дээрх үйл явдал ямар шалтгаанаар эхэлсэн бэ?
-Өчигдөр би хүүхдээ сургуулиас нь авах гээд Гадаад харилцааны яамны хажуугаар өнгөрч явтал хэсэг хүмүүс өвөрмонголчуудын эрх ашгийг хамгаалж жагсаж байсан. Үнэндээ би их олон өвөрмонгол найзтай. Тэд маань монгол хэл, бичгийн асуудалд их эмзэг ханддаг. Тиймдээ ч тэднийхээ сэтгэлийг нь дэвтээхээр "бид ч бас энд тэмцэж байгаа шүү" гэдгийг харуулахыг зорьж зураг авсан юм. Гэтэл дараа нь гурван цагдаа над дээр хүрч ирээд "Таныг саатууллаа" гэхээр нь би их гайхсан. Ямар шалтгаанаар вэ гэхэд "Дуугүй машинд суу" гэж шаардсан. Би өмнө нь яг ингэж шалтгаангүйгээр саатуулагдаж байсан юм. Тийм учраас бичлэг хийсэн. Миний хувьд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй.
-Таныг хэлтэс рүү авч явсан уу?
-Тийм. Байцаагдах үед надаас утгагүй асуултууд асуугаад байсан. Гэсэн ч төд удалгүй суллаад явуулсан. Магадгүй Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлал болж байгаатай холбоотойгоор цагдаа нар ингэж сүржин загнаад байгаа байх. Эсвэл албаар над дээр уураа гаргах гэж ирсэн байх. Учир нь тэд жагсаалыг тараах гэж их оролдсон юм шиг байна лээ. Нэгийг нь бариад авахаар бусад нь эсэргүүцэх учраас тэд яаж ч чадаагүй. Тэрүүхэндээ би ганцаараа явж байсан болохоор тэдний нүдэнд өнчин хурга шиг харагдсан байх.
-Цагдаагийн алба хаагчдад ёс зүйн хувьд ямар дутагдал ажиглагдсан бэ?
-Мэдээж цагдаагийн алба хүнд. Тэдний ажлыг би хүндэлдэг. Гэхдээ аливаа баривчилгааг явуулахдаа ямар шалтгаанаар гэдгээ хэлчхэж байх хэрэгтэй. Цагдаа нар иргэдтэй байнга иймэрхүү байдалтай харьцаад байвал хэцүү шүү дээ. Жаахан ёс зүйтэй баймаар байна. Энгийн иргэдээ хамгаалах ёстой атал айлгаж сүрдүүлээд байж болохгүй. Албаны ёс зүйн дүрэм гэж байдаг бол түүнийгээ үнэнчээр дагаж мөрдөөч гэж хүсье.
Үйл явдлын дүрс бичлэг: