Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.
Ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтын талаар ярилцлаа.
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллахаар боллоо.
Хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Талууд соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сайд нар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагаанд гарч буй бодит ахицыг улам бататгах чиглэлээр хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцож, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгууллаа.
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд – Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх юм.