Сүүлийн үед Өвөрмонголд үүсээд байгаа нөхцөл байдал нийт Монголын ард түмнийг эмзэглүүлж байна. Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Мөн үүнтэй зэрэгцээд олон салбар байгууллагын төлөөлөл, ТББ-ууд БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө жагсаал зохион байгуулсан билээ.
Тэгвэл дээрх үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаар (2020/09/15)-т дараах зүйлийг ярьжээ.
"...ХУДАЛ ЦУУРХАЛ ТАРААЖ ЗӨРЧИЛДӨӨН ҮҮСГЭЖ ХЯТАД, МОНГОЛЫН ХАРИЛЦААГ ӨДӨӨН ХАТГАЖ БАЙНА"
Сэтгүүлч: Өмнөд монголчууд эх хэлээрээ хичээлээ оруулахыг эрмэлзэж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
Цай Вэньруй: Өмнөд Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугьж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Казах үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил зөвхөн монголоор яривал Хятадад ч гэсэн ажиллахад хэцүү. Өмнөд Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. Модыг тайрахад амархан, ургуулахад хэцүү гэдэг" гэжээ.
Мөн ярилцлагын үеэр Элчин сайд нэг сонирхолтой зүйл ярьсан нь "Хятад улс Монголоос нүүрс худалдаж авч байгаа нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийг бодсондоо тэр" гэсэн утгатай зүйл ярив. Тэрбээр,
-"Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна. Нүүрс дороо зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна. Хятад улс хөрш орнуудынхаа хооронд хэрэгжүүлдэг “Ногоон гарц” журмыг одоогоор зөвхөн Монгол Улсад л хэрэгжүүлж байгаа" гэж ярьжээ.
Ийнхүү Элчин сайд Цай Вэньруй ярилцлагаараа дамжуулан "Монголын хэсэг бүлэг хүмүүс Хятадын дотоод хэрэгт оролцож, улмаар Хятад, Монголын харилцааг хурцадмал байдалд оруулахыг санаархаж байна. Хэрэв Монгол Улс "Нэг Хятад" бодлогыг хүлээн зөвшөөрсөн байр суурьнаасаа ухарвал нүүрс худалдаж авахаа зогсооно шүү" гэсэн утгатай зүйл ярьж, Монголын төр, ард түмэнд сануулга өгөв.