Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21 сая ам.долларын хоёр санхүүжилтийн гэрээнд өнөөдөр /2020.09.07/ гарын үсэг зурлаа.
Нийт санхүүжилтийн 20 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй зээлээр хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг хугасалж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ. Харин цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 1.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар коронавирустэй нүүр тулан, онцгой нөхцөлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд халдвараас сэргийлэх хувцас, хамгаалах хэрэгсэлд зарцуулахаар болжээ. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, гучин жилийн хугацаатай бөгөөд эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээл аж.
Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ: Нэг сая ам.долларын буцалтгүй тусламж нь Дэлхийн банкны онцгой байдлын, цар тахлын үед хэрэгжүүлж буй хөтөлбөрөөс Монгол Улсад олгож буй санхүүжилт. Хоёр дахь санхүүжилт нь 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл. Уг зээл нь Монгол Улсад өрнөж буй нийгмийн хамгааллын салбарт хэрэгжих ажлуудад зориулагдана. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын санд зарцуулна. Энэ хоёр санхүүжилт нь Монгол Улсын төлөө, ард иргэдийн сайн сайхны төлөө зарцуулагдана гэдгийг онцоллоо.