БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ны дунд сургуулиудад монгол хэл, бичгийг хязгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор Өвөрмонголын ард иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй. Мөн Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагууд болон МУИС-ийн багш нар Хятадын ЭСЯ-ны гадаа жагсаал зохион байгуулсан.
Тэгвэл энэ долоо хоногийн Пүрэв гарагт БНХАУ-ын Бээжин хотноо болсон тус улсын Гадаад хэргийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дээрх асуудал сөхөгдөв. Тодруулбал, Япон улсын NHK телевизийн сэтгүүлч Гадаад хэргийн яамнаас дараах асуултыг асуужээ.
NHK телевизийн сэтгүүлч: ӨМӨЗО-нд хос хэлээр боловсрол олгох бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд эсэргүүцлээ илэрхийлж буй мэдээлэл байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь: Эдгээр мэдээллүүд нь далд санаа агуулсан улс төрийн явуулга юм.
Аливаа yлс үндэстний үндсэн хэл бичиг нь тусгаар тогтнолын бэлгэдэл болдог. Тухайн улсын иргэн бүр үндэсний нэгдсэн хэл бичгээ суралцаж, ярих бичихдээ хэрэглэх эрх, үүрэгтэй. Зөвхөн Хятадад биш, дэлхийн бусад бүх улс оронд ийм байдаг.
Манай Засгийн газар улсын ерөнхий хэл бичгийг үндэстний цөөнхүүдэд ижил тэгш эзэмшүүлэх ёстой гэж үздэг. Мөн Монгол болон бусад үндэсний цөөнхийн өөрийн эх хэл бичгийг хэрэглэх, хөгжүүлэх эрх чөлөөг хангаж өгдөг юм.
Өвөр Монголын боловсролын газар нэгдсэн сурах бичгийн талаар холбогдох мэдээллийг гаргасан байгаа. 2017 оноос орон даяар бүх дунд сургуулиудад уран зохиол, улс төр, түүхийн хичээлийг Үндэсний Сурах Бичгийн Хорооны мэргэжилтнүүдийн хятад хэл дээр боловсруулан гаргасан нэгдсэн сурах бичгээр зааж эхэлсэн.
Энэ оноос Өвөр Монгол зэрэг зургаан муж, өөртөө засах оронд эдгээр сурах бичгийг нэвтрүүлж байгаа. Нэгдсэн сурах бичгээр заах дээрх гурван хичээл нь үндэсний цөөнхийн хэл дээр заадаг бусад хичээлүүдэд нөлөөлөхгүй. Монгол хэл дээр заадаг хичээлүүдийн цаг, сурах бичиг хэвээр хадгалагдаж байгаа.
Одоогийн хос хэл дээр хэрэгждэг боловсролын системд өөрчлөлт орохгүй.
Хятад улс шиг үндэсний цөөнхийнхөө эх хэл бичгээ хадгалж үлдэх эрхийг хуулиар хамгаалсан улс орон дэлхий дээр өөр байдаг болов уу? гэж хариулжээ.