Өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ны Тунляо хотын дунд сургуулиудад Монгол хэл, бичгийг хязгаарлах шийдвэр гаргасан.
Улмаар Өвөрмонголын ард иргэд тус бодлогыг эсэргүүцэж өнгөрсөн долдугаар сараас эхлэн эрчимтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй. Мөн АНУ-ын Нью-Жерси хотод төвтэй Өвөр Монголын ардын намынхан тус улсад Хятадын эрх баригчдыг эсэргүүцэж хөдөлгөөн өрнүүлсэн.
Тэгвэл Өвөрмонголын зарим хошуунд өрнөж байгаа жагсаалыг Хятадын эрх баригчид цэргийн хүчээр дарж, сарниулахаар болсон бололтой. Тодруулбал, өчигдөр жагсагчдыг тараахаар Хятадын ардын чөлөөлөх армийн байлдааны хуягт машинууд хот руу орж иржээ. Энэ талаар Хятад гаралтай Хүний эрхийн төлөө тэмцэгч Женифер Зенг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
On Aug. 31, military armored vehicles appeared on the streets of Inner Mongolia, amidst strong protests from Mongolian students and parents against the #CCP's policy to cancel Mongolian language instruction.#MongolianLanguage #InnerMongolia #culturalgenocide pic.twitter.com/6bqY5l2dqG
— Jennifer Zeng 曾錚 (@jenniferatntd) September 1, 2020
Хятадын эрх баригчдын зүгээс зөвхөн гурван хичээлийн хөтөлбөрийг хятад хэл дээр орно гэж байгаа боловч үүнийг өвөрмонголчууд эх хэлийг нь устгах бодлого гэж үзэж байгаа юм. Учир нь өнгөрсөн хугацаанд Төвөд, Шинжаан Уйгурт ч энэ явдал давтагдаж байв.
1980-аад оны үед Хятадын эрх баригчид үндэстний цөөнхийн соёл, хэлд харьцангуй хүндэтгэлтэй хандаж иржээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд БНХАУ-ын дарга Ши Жинпиний хатуу удирдлага дор цөөнхүүдийн соёл, хэлийг устгах, дарангуйлах бодлого хүчтэй явагдаж эхэлсэн гэж барууны хэвлэлүүд онцолж байна.