ӨМӨЗО-нд Монгол хэл, бичгийг хязгаарлах шийдвэр гаргасан БНХАУ-ын Засгийн газрын бодлогыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эсэргүүцэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр "Монгол хүн Монгол хэл бичгээ өмөөрч дуугарахгүй бол, тэмцэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хэлэхгүй, тэмцэхгүй. Үсэрсэн цус, тасарсан мах Монгол ахан дүүсээ одоо дэмжихгүй бол хэзээ дэмжих юм бэ! Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг" гэх агуулга бүхий бичлэгийг цахим хуудсандаа байршуулжээ.