БНХАУ-ын ӨМӨЗО-ны сурагчдыг эх хэлээрээ сурах боломжийг хязгаарласныг эсэргүүцэж, зарим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өнөөдөр Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ болон Гадаад харилцааны яамны гадаа эсэргүүцэл илэрхийллээ. Мөн тэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд шаардлага хүргүүлэхээр Гадаад харилцааны яаманд хандав.
Үүгээрээ тэд “Өвөрмонголчуудын тэмцлийг ар Монголчууд ч дэмжиж байгаа” гэсэн санаа, агуулгыг илэрхийлэхийг зорьжээ. "Аливаа үндэстний дархлааг хадгалдаг гол хүчин зүйл нь үндэсний хэл соёл юм. Олон зуун жилийн түүхт босоо бичгийг өнөөдрийг хүртэл тээж ирсэн өвөрмонгол ахан дүүсийг хэл соёлоос нь хагацаах бодлого явуулж байгаа БНХАУ-ын эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж байна. Өвөрмонголчуудын эрх ашгийн төлөө Ар монголчууд биднээс өөр хэн дугарах билээ. Иймд өнөөдөр бид албаны хүмүүст шаардлага хүргүүлэх гээд цугларлаа" гэж иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл мэдэгдэв.
Ташрамд дурдахад, өнөө өглөө "БНХАУ-ын Засгийн газар өвөрмонголчуудыг эх хэлтэй нь хэвээр нь үлдээсэн" гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл тус мэдээлэл худал ташаа болохыг өвөрмонгол иргэд иргэний нийгмийн байгууллагынханд уламжилжээ.