Монгол Улсын Үндсэн хуулийн долоодугаар зүйлд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” хэмээн хуульчилсан. Харамсалтай нь, төрийн хамгаалалтад байх өв соёлыг хэн дуртай нь олж авч, худалдан борлуулж байгаа билээ. Хууль бус малтагчид булш, хиргисүүр сүйтгэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ч түүх, соёлын олон жилийн нандин дурсгалд халдаж байгаа жишээ нэг бус. Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд түүх, соёлын дурсгалт газар, түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг хориглохоор заасан. Түүнчлэн палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгохыг ч хориглох заалттай. Тэгвэл “Гацуурт” компанийнхан огт хөндөгдөөгүй, хэн нэгэн ухаж төнхөөгүй, бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа олон тооны булш, хиргисүүр бүхий газарт ашигт малтмал олборлохын тулд шүүхээр өөрсдийн талд ашигтай шийдвэр гаргуулаад байна. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе.
Хүрэл зэвсгийн болон Монголын эзэнт гүрний үеийн 14 дурсгал илрүүлжээ
“Гацуурт” ХХК-ийнхан Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт 518.4 га талбайг алтны уурхайн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Уг талбайдаа Соёлын өвийн тухай хуулийн дагуу авран хамгаалах хайгуул, судалгааг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Археологийн судалгааны ангийн эрдэмтдээр хийлгэх хамтын ажиллагааны гэрээг 2022 оны гуравдугаар сард байгуулсан юм байна.
Үүний дагуу тус сургуулийн багш, судлаач, эрдэмтэд 2022 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3-ны хооронд дээрх талбайд ажиллажээ. Улмаар тухайн газарт ажилласан тайландаа “Ашиглалтын талбай дотор хойд хэсгээр хөндлөн Өлзийт гол урсах бөгөөд гол хэсэгт нь хоёр айлын өвөлжөө байна. Өмнө талаараа уулаар хүрээлэгдсэн задгай аманд энэ талбай байрлана. Хамтын ажиллагааны гэрээний дагуу 518.4 га талбайд бүхэлд нь археологийн хайгуул, судалгаа хийсэн бөгөөд гадна талдаа ил мэдэгдэх тэмдэгтэй түүх, археологийн дурсгалуудыг илрүүлэхийг зорьсон. Хайгуулын талбайн баруун, төв болон урд хэсэгт өндөрлөг уул хадыг түшүүлэн тавьдаг уламжлалтай холбоотойгоор эртний хүмүүсийн үлдээсэн ул мөр, соёлын олон дурсгал байна. Тухайн дурсгалууд нь бүрэн бүтэн боловч зарим нь тоногдон, эвдэгджээ. “Гацуурт” компанийн ашигт малтмалын талбайд судалгааны орчин үеийн арга зүйн дагуу нарийвчилсан хайгуулыг гүйцэтгэсэн бөгөөд үр дүнд нь 14 тооны дурсгал илрүүлэв. Эдгээр нь хүрэл зэвсгийн болон Монголын эзэнт гүрний үед холбогдох чулуун дараас бүхий булш, оршуулгын дурсгалууд байв. Тиймээс тус компани нь цаашдаа ашигт малтмалын талбайдаа үйл ажиллагаа явуулахдаа эдгээр дурсгалыг авран хамгаалах шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр нь эртний хүмүүсийн ахуй амьдрал, нүүдлийн аж ахуй, тэдний ертөнцийг үзэх үзэл, оюун санаа, эдийн соёлын олон талыг тодруулан харуулах боломжтой, түүхэн ач холбогдолтой дурсгалууд болно” гэжээ.
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Археологийн судалгааны ангийн эрдэмтдийн илрүүлсэн энэ 14 дурсгалын дунд тахилын байгууламж, дөрвөлжин булш, Их Монгол Улсын үеийн эвдэгдэж тоногдоогүй булшнууд, хүрлийн үеийн зарим нь тоногдсон, цөөнгүй нь бүтнээрээ хиргисүүрүүд байгаа нь тодорхой болж.
Үүний дагуу эрдэмтэн судлаачид хайгуул, судалгааны ажлынхаа дүгнэлт хэсэгт “Иймээс “Гацуурт” компани цаашдаа тус газарт ашигт малтмал ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулахын өмнө түүх, археологийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, тухайн дурсгалуудыг авран хамгаалах малтлага, судалгаа хийлгэх шаардлагатай. Хэрэв тухайн компани хуулийн зүйл заалтуудыг үл тоомсорлон аж ахуйн үйл ажиллагаа явуулсан, дурсгалуудыг эвдэж сүйтгэсэн тохиолдолд Монгол Улсын зохих хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг мэдэгдэж байна. Уул уурхайн ашиглалтын үед газар дээр ямар нэг ил таних тэмдэггүй булш, хүний үйл ажиллагааны ул мөр цөөнгүй тохиолддог тул хөрс хуулалтын үед хүн, малын яс, ваар сав, хүрэл, төмөр эдлэл болон бусад төрлийн эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна” гэжээ.
“Гацуурт” ХХК-ийнхан Палеонтологийн хүрээлэнтэй мөн дээрх байдлаар гэрээ байгуулж, судалгаа хийлгэсэн бөгөөд тухайн талбайн чулуулгаас эртний шим ертөнцийн олдвор илрээгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.
Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэв
“Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагынхан “Гацуурт”-ын эзэмшиж буй дээрх газарт олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар 2024 оны зургаадугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан аж. Үүнийх нь дагуу БОАЖЯ-наас тусгай зөвшөөрлийнх нь талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон хэмээн Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-т цуцлуулах санал хүргүүлсэн байна. Үүнийг нь үндэслээд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “Гацуурт” компанийн эзэмшиж буй MV-022419 дугаартай, 518.4 га талбай бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ. Үүнийг нь эсэргүүцэж “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаяр тэргүүтэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх эхлээд тэдний гомдлыг хүлээн авахаас татгалзсан байгаа юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж зарга хийснээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авахаас өөр аргагүй болж, захиргааны хэрэг үүсгэжээ. Улмаар энэ үүсгэсэн хэргээ шүүгч Н.Дамдинсүрэн 2025 оны нэгдүгээр сарын 10-ны баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэв. Уг нь АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.7-д заасан “Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэл болгосон аж. Эл заалтаас гадна 56.1.8-ын “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн” гэснийг ч үндэслэл болгож болохоор. Учир нь археологичдын хийсэн судалгааны тайланд тухайн ашиглалтын талбай дотор хойд хэсгээр хөндлөн Өлзийт гол урсаж байгааг тодотгосон байдаг.
Тэгвэл “Гацуурт”-ынхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Манай тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон талаар БОАЖ-ын сайд 2024 оны зургаадугаар сарын 10-нд албан бичгээр мэдэгдсэн тул” гэжээ. Уг албан бичгээр тухайн талбайд соёлын өв байгаа нь эрх бүхий ямар байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон болох нь тодорхойгүй байх ба АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь БОАЖ-ын сайдын албан бичигт үндэслэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Тиймээс АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь хууль бус, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн байгаа юм. Түүгээр ч зогсохгүй ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хийсэн гэрээ байхгүй. Үүнийг бид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгуулж байгаа хэмээн шүүхэд мэдүүлжээ.
Энэ мэт баримтад тулгуурлан шүүгч Н.Дамдинсүрэн тусгай зөвшөөрлийг цуцлах АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэхдээ “Судалгааны багийн тайлангаар илэрсэн гэх дурсгалуудын Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр саад болохгүй. Иймд шүүхийн дээрх дүгнэлтүүдээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг зөвшөөрөх, эсэх талаарх тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаагүй, хуульд заасан журмын дагуу соёлын өвийн хамгаалалтын болон орчны бүсийг тогтоосон шийдвэр гараагүй байхад маргаан бүхий тушаалаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв” гэсэн байна.
ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид хуурамч тайлан гаргаж өгсөн гэв үү
“Гацуурт” ХХК-ийнхан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст 2024 оны арванхоёрдугаар сарын 23-нд гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй аж. Түүгээр зогсохгүй тайланг жинхэнэ, эсэхийг ч нягтлах ажлыг цагдаагийн мөрдөгч хийж эхэлжээ.
Тэгвэл “Гацуурт”-ынхан шүүхэд өгсөн тайлбартаа “ШУТИС-иас гаргаж өгсөн нотлох баримт болох гэрээг харахаар манай компанийг төлөөлж геологич Б.Золбоо гэдэг хүн гарын үсэг зурсан байгаа юм. Гэтэл “Гацуурт” ХХК-д 2019 оноос хойш Галбадрах гэдэг ганцхан геологич ажиллаж байна. Судалгааны тайланд хайгуулын талбайн солбилцлуудыг заагаад өгчихсөн. Тогтоогдсон гэх дурсгал болгоны тодорхойлолтууд дээр талбайн солбилцлыг заасан. АМГТГ-аас гаргасан манай лицензийн хойд талын солбилцлууд тайланд тусгасан, дурсгал олдсон гэх талбайн солбилцолтой тулган шүүж үзэхэд нэг нь ч таардаггүй. Тэгэхээр бид манай талбай дээр тогтоосон соёлын дурсгал гэдэгт эргэлзэж байна. Манай компанийн захиалгын дагуух гэрээний үндсэн дээр хийсэн судалгаа огт биш. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу салбарын яам нь соёлын өвөөр тогтоогоод, шийдвэр гаргаж бүртгэх ёстой” хэмээснийг шүүх хурлын тэмдэглэлд тусгажээ.
Тэгвэл ШУТИС-ийн дээрх сургуулийн албаны хүмүүстэй холбогдоход “Бид тухайн компаниас ирүүлсэн солбилцолд очиж газар дээр нь судалгаа шинжилгээ хийсэн. Шүүхээс тайлан, дүгнэлтээ гаргаж өг гэж удаа дараа албан бичиг илгээж байсны дагуу холбогдох бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгч байсан” хэмээсэн юм.
“Гацуурт” ХХК-ийнхан Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дахь 518.4 га талбайд авран хамгаалах хайгуул, судалгаа хийсэн ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн доктор Д.Хатанбаатараас энэ талаар тодруулахаар хандсан ч утас нь холбогдох боломжгүй байлаа.