Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган Төрийн ордонд өчигдөр болов. Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болсон 800 гаруй хүн оролцсон эл чуулганы үеэр эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгүүлснээр Монгол Улсад өдгөө 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж байгаагийн 46.5 хувь эмэгтэйчүүд аж. Мөн нийт ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн 65.5 хувь нь цалин хөлстэй ажил хийж байгаа бол 13.1 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 21.3 хувь нь малчин эмэгтэйчүүд гэнэ. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш хэт зөрүүтэй болсныг дурдав. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар эрэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 68 хувьтай байсан бол эмэгтэйчүүдийнх үүнээс доогуур буюу 52 хувь байжээ. Төрийн тэргүүн “Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн тодотгоод, Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улс дээрх зөрүүг арилгаж чадвал 30 жилийн дотор эдийн засгаа 16 хувиар тэлэх боломжтой гэж дүгнэснийг тэмдэглэсэн юм.
МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол санхүүжилт, барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаатай холбоотой асуудал юм” хэмээн онцолсон. Тэрбээр мөн “Эмэгтэй захиралтай компаниудад ашигт ажиллагаа өндөр, ажил хаялт бага байдаг бөгөөд тэд бизнест нь хүндрэл учирсан үед эрчүүдээс илүү даван гарах чадвартай байдаг байна. “McKinsey&Company”-ийн 12 орны 1000 орчим компанид хийсэн судалгаагаар дундаас дээш түвшний удирдлагын багтаа жендерийн тэгш байдлыг хангасан компани 21 хувиар илүү ашигтай ажиллаж буй эерэг үзүүлэлт гарчээ. Тэгвэл манайд эмэгтэйчүүдийн хөлсгүй ажилд зарцуулж байгаа цаг нь эрэгтэйчүүдээс даруй хоёр дахин их, мөн ижил үнэлэмжтэй ажилд эмэгтэйчүүдийн авч буй цалин эрчүүдийнхээс 17 хувиар бага байна” гэв. Тус чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэх юм байна.