“Манай байгууллага 15.000 орчим ажиллагсадтай. Олонх нь хөдөө хөхөрч, гадаа ганддаг тул бөөрний өвчлөл буурахгүй байгаа. Энэ нь Дотрын шинэ тасаг нээх шалтгаан юм. Манай эмнэлэгт сүүлийн 20 жилд ийм том хөрөнгө оруулалт хийгээгүй” гэж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хэлэв.
Хэвтэн эмчлүүлэх 20 ор бүхий Дотрын III тасгаа Төмөр замын төв эмнэлгийнхэн өчигдөр нээж, бөөрний архаг дутагдлыг эмчлэх гемодиализын таван аппарат ажиллуулж эхэллээ. Тэдгээр аппаратаа Солонгосын компаниас түрээсэлсэн бөгөөд цаашид худалдаж авах юм байна.
1951 онд байгуулсан Төмөр замын төв эмнэлгийнхэн төмөр замчид болон тэдний гэр бүлийнхэн нийлсэн 54.000 орчим хүнд үйлчилдэг аж. Мөн Баянгол дүүргийн I-IV хорооны иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн ачаалал их, ялангуяа дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчид 7-21 хоногийн өмнө дараалал авах шаардлагатай болдог байжээ.
Тиймээс УБТЗ-ын удирдлага эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг шуурхай, чанартай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн гэнэ. Энэ хүрээнд шинэ тасаг нээснээс гадна тоног төхөөрөмжөө сайжруулж, зүрхний нарийн түвэгтэй мэс засал хийдэг болжээ. Үүнээс гадна тодосгогчтой компьютер томограф болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг шинээр нэвтрүүлж, хэвлийн хөндийн болон урологийн хагалгааг дурангаар хийх нөхцөл бүрдүүлсэн байна.
Энэ талаар эмнэлгийн дарга Б.Батболд “Манай эмнэлэгт суурилуулсан гемодиализын аппарат нь 24 цагийн турш тасралтгүй ажиллах боломжтой. Эрчим хүчний ямар нэг асуудлаас болж цахилгаан тасарвал өөрийн хүчин чадлаар 30 орчим минут ажиллана. Тэр хооронд нь эрчим хүчний нөөц тэжээлд холбож амжих юм. Нэг аппаратанд өдөрт дунджаар 3-4 хүн оруулах бололцоотой. Манай эмнэлгийнхэн 66 жилийн түүхэндээ анх удаа зүрхний нарийн мэс засал хийж байна” гэлээ.