“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 16-18-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Тайж хайрхны бэлд зохион байгуулна. Уг наадмын хөтөлбөрийг зохион байгуулагч Соёл урлагийн газраас гаргажээ. Энэ удаа соёлын биет бус өвийн долоон ай савыг таниулан сурталчлах боловсролын оролцоот хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 880 өвлөн уламжлагч наадамд оролцох юм байна. Тус фестивалийн хүрээнд олон улсын язгуур урлагийн тоглолтууд, хүүхдийн жүжиг, хурдан морь, үндэсний бөхийн барилдаан, шагайн болон морьт харваа зэрэг өв уламжлалаа шингээсэн олон төрлийн арга хэмжээ зохиох гэнэ. Тухайлбал, Богд хааны ордон музейнхэн соёлын биет бус өвийн мал маллах ухааны ай, цагаан идээ боловсруулах, сур элдэх зан үйлийг онцлон танилцуулах гэнэ. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейнхэн уламжлалт гар урлалын өргөө нээх юм байна.
Уг фестивалийг зорин очсоноор соёлын өвийн болон ардын урлагийн сургалт, үзүүлбэр, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар зочлох боломжтойгоороо онцлог. Мөн отог, өртөө бүрээр зочилж, өв соёлтойгоо танилцан, хүүхэд багачууд, гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
Бэлтгэсэн У.Цэцэг