Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгийн санаачилгаар “Нүүдэлчдийн хэмнэл-Хэл хуур мину” сэдвийн дор хэл хуурчдын анхдугаар наадмыг улсын хэмжээнд зохион байгуулна. Уг наадам өнөөдөр эхэлж, энэ сарын 3 хүртэл үргэлжлэх аж. Уг уралдаанд Монгол Улсаас 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. Хэл хуур хөгжмийг сурталчлах, өв соёлоо олонд түгээн, таниулах нь эл наадмын зорилго гэнэ.
Нийслэл, дүүрэг, орон нутгийн хэл хуурчид үүнд оролцож буй бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид гоцлол болон хамтлаг гэсэн төрлөөр өрсөлдөж байна. Шүүгчид тоглогчдын ур чадварт үнэлгээ өгч, шагналт байруудыг шалгаруулахаас гадна олон улсын хэл хуурчид манай өв тээгчидтэй хамтран “Уулсын татлага, хэл хуурын хэмнэл” тоглолт толилуулна. Наадмын шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн, соёл судлалын ухааны доктор, профессор С.Юндэнбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Б.Одсүрэн, урлаг судлалын ухааны доктор, профессор Д.Энхцэцэг нар ажиллаж байна. Мөн Дэлхийн шилдэг хэл хуурчийг шалгаруулах комиссын гишүүн, гадаад улсын хоёр шүүгч ажиллаж буй гэнэ.
Уран бүтээлч Спиридон Шишигин, Японы хэл хуурын холбооны тэргүүн Лео Тадагава, Дэлхийн ард түмнүүдийн хэл хуурын музей ба төвийн захирал Дмитрий Бястинов, Якутын шилдэг дархан Тарабукин Эдуард нар наадмын хүндэт зочноор уригдан иржээ. Тэд үзэгч, сонирхогчдод төмөр, хэл, хулсан хуур татах аргуудыг сонирхуулах аж. Мөн Якут улсын төв эмнэлгийн дарга Вечаслав Тихонов хэл хуурын эмчилгээний арга зүйн илтгэлийг танилцуулах нь. Тэрчлэн эртний хуурын олдворуудыг танилцуулах үзэсгэлэн дэлгэнэ.
Бэлтгэсэн Ц.Анударь