Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам өнөөдрөөс эхэлж, энэ сарын 28-ныг хүртэл Булган аймагт үргэлжилнэ. Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэж байна. "Алтаргана" наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд "Буриад дууны уралдаан" нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа хийх гэж байна.