Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулж буй бөгөөд 168 уран бүтээлч оролцож байна. Мэргэжлийн, сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн төрөлд оролцогчид өрсөлдөж буй юм. Сонирхогчдын төрөлд Монгол, АНУ, БНХАУ, Япон зэрэг улсаас 9-62 насны 77 оролцогч өрсөлдөж байна. Морин хуур урлаачдын нэгдүгээр шатны дүн өчигдөр гарсан бөгөөд 46 хүн оролцсоноос 23 нь цааш өрсөлдөхөөр шалгарчээ.
Эл наадмын хүрээнд Говийн байгаль, түүхийн музейд “Морин хууртай үдшийн музей” үзэсгэлэнг уржигдар толилууллаа. Морин хуурын олон улсын наадмыг энэ жил анх удаа орон нутагт хийж байгаагаараа онцлогтой юм. Уг наадам энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Үүлээ