Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаанд нийт 243 хүүхэд гараан дээр бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 83 морьд хасагдаж 160 хязаалан насны хурдан морь уралдаанд гарлаа. Тэдгээрээс өнгөрсөн жилийн улсын баяр наадмын түрүү Нийслэлийн Алдарт уяач Б.Пунцагбалжирын түмний хар, зүүн бүсийн уралдааны түрүү тод манлай уяач Д.Хишигжаргалын хээр тэргүүтэй улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд бүртгүүлжээ.
Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдааны бариа ойртоход Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр түрүүлэв. Уяа сойлгыг тус аймгийн Дэрэн сумын С.Одгэрэл уяач тааруулсан байна. Харин аман хүзүүнд Х.Энхжингийн хээр орлоо. Айргийн гуравт бор халзан Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Н.Мөнхийн бор халзан, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Гантулгын хээр, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат О.Баярмагнайн бор тус тус хурдаллаа.
6. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Пүрэвийн Баярбатын халтар. Уралдаанч 13 настай Бадарчийн Отгонбаяр
7. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Дамдинсүрэнгийн Даваагийн Наран хээр. Уралдаанч 11 настай Цэрэнбаярын Ивээлт
8. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн харьяат, Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны хүрэн. Уралдаанч 10 настай Оюунболдын Дүүрэнзаяа
9. Завхан Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвгийн Дагвадоржийн Наран халиун. Уралдаанч 11 настай Ганбаярын Тэргэл
10. Улаанбаатар хот, Баянгол дүүргийн харьяат Сэрчинсүрэнгийн Батжанцангийн хонгор. Уралдаанч 8 настай Цэвээндоржийн Хишигбаяр