Монголын үндэсний музей Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан сан хөмрөгтөө хадгалж буй морин хуур хөгжмийн цуглуулгаасаа дээжлэн “Тэнгэрийн аялгуут морин хуур” түр үзэсгэлэнг ирэх сарын 2-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болгож байна. Улс, үндэстэн бүр бахархалт хөгжмийн зэмсэгтэй. Монгол түмнийг, нүүдэлчний ахуй соёлыг морь, морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй гэлцдэг.
Эл үзэсгэлэн нь XIX зууны сүүл хагасаас 1980-аад он хүртэлх зуу гаруй жилд нутаг нутгийн урлаачдын ур ухаанаар бүтсэн 30 орчим морин хуурыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Тэдгээрийн дунд морин хуурын өвөг гэгдэх икэл, үхрийн давган цартай цуух хуур ч бий гэнэ. Мөн таван хошуу малын толгойтой болон могой нумтай, отор нүүдэлд авч явахдаа салгаж задлахад царандаа багтдаг хуур гэхчлэн элдэв сонин зүйлс цөөнгүй бий аж. Тэрхүү хөгжмийн зэмсгүүд нь ур хийцийн хувьд уран нарийн төдийгүй хуур хөгжмийн хувьсал хөгжил, тухайн цагийнхаа үүх түүхийг өгүүлж, өнгө төрхийг тодруулдгаараа ихээхэн ач холбогдолтой.
Бэлтгэсэн: У.Цэцэг