Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлджээ. Наадамчин олон ч баяр наадмын дээл хувцсаа бэлтгээд тун завгүй байх шиг. Монголын хувцас загварын томоохон брендүүд ч үндэсний уламжлалт хэв маягийг шингээсэн загваруудаа танилцуулж байна. Тэдний бүтээл нь наадмын гоёлын чиг хандлагыг тодорхойлдог гэж хэлж болно. Загвар зохион бүтээгчид биед хөнгөн, эвтэйхэн бөгөөд өдөр тутамдаа өмсөж болохуйц загварыг энэ жил онцолжээ.
Ингэхдээ монгол дээлний үндсэн хэв шинжийг ажил хэрэгч хэв маягтай хослуулсан нь сонирхол татна. Цэцгэн хээтэй даашинзыг монгол дээлний загвартай хослуулах нь түгээмэл байна. Хэдэн жилийн өмнө гэхэд шүр, сувдан хатгамалтай “нүсэр” дээлийг онцолдог байлаа. Харин өдгөө шигтгэмэл гоёлыг орхиж, өнгөний зохицлоор загвараа “амилуулсан” харагдана. Энэ жилийн загварын чиг хандлагыг тоор мэт ягаан өнгө илэрхийлнэ хэмээн мэргэжилтнүүд онцолсон. Загвар зохион бүтээгчид ч үүнийг ашиглаж зуныг илэрхийлэх “ялдам” дээлнүүдийг танилцуулаад байна. Цэнхэр, шар, ягаан өнгийг ч түгээмэл хэрэглэжээ. Харин эх биеийн хэсэгт нь цагаан өнгийг ашигласан нь тун ховор. Дээлнийхээ эмжээр хэсэгт л цагаан өнгийг түлхүү оруулж өгчээ.
Хэрвээ та гоёлын дээлээ сонгох гэж буй бол юуны түрүүнд хувийн өнгөө тодорхойлуулах нь чухал юм. Энэ нь танд ямар өнгө илүү зохихыг хэлнэ. Өөрт тохирох загвараа олбол биеийнхээ өө сэвийг тун чиг урнаар далдалж болно. Мөн бэлэн дээл худалдаж авахаас илүүтэй өөрийн хүсэл сонирхолд нийцсэн загвараар наадмын гоёлоо захиалж хийлгэх нь түгээмэл болсон гэнэ. Эзэндээ баяр жаргал, эд баялаг дуудан, урт удаан наслахыг бэлгэддэг өлзий хээг загвар зохион бүтээгчид өнөө жилийн баяр наадмын гоёлд тусгасан нь элбэг байлаа. Мөн эл хээг хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ гэж бэлгэддэг юм байна. Түүнчлэн хязгааргүй эрх чөлөө, баялгийн илэрхийлэл болсон үүлэн хээг гоёмсгоор бүтээлдээ шигтгэжээ. Материалын хувьд торго гэхээс илүүтэй тааран даавууг түлхүү ашигласан гэнэ. Тухайлбал, хормой, зах хэсгээр нь эл хээг шаглаж. Ингэснээр өв соёлоо орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулж байна.
Бэлтгэсэн: А.Үүл