СУИС-ийнхан Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Соёлын наадам”-ыг энэ сарын 11-13-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ.
16 дахь жилдээ болох гэж буй эл наадам нь монголчуудын өв соёл, ардын урлагийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. “Соёлын наадам”-ын үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтууд толилуулах гэнэ. Түүнчлэн язгуур урлаг, монгол цай, цагаан идээ, айргийн соёлтой танилцуулж, казах соёлын гэрээр зочлох боломжтойгоороо онцлог аж.
Мөн уг наадамд СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, нийслэлийн Соёлын төв өргөөний уран сайханчид болон “Идрийн цуурай” дэвжээний бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох юм байна.
Бэлтгэсэн А.Дөлгөөн