БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэсний бичиг соёлын "Хөх түлхүүр" холбооны эрхлэгч Бэсүдэй Сэцэнбаяр шинэ номын сангаар зочилж, монгол бичгээр хэвлэгдсэн номуудыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хандив болгон өргөлөө.
Үндэсний Номын Сан 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байснаас 73 жилийн дараа буюу 2024 оны долдугаар сард Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилгаа ашиглалтад оруулсан билээ.
Үндэсний Номын Сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга юм.