“Чингис хаан” музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга эртний хөгжмийн “Язгууртан өв”, орчин цагийн урлагийн “Их Монгол” тоглолтоо жуулчдад зориулан 16.00, 18.00 цагт захиалгаар толилуулж эхэлжээ. Энэхүү тоглолтоор дамжуулан монгол хаадын ордны дуу, бүжиг, хөгжмийн бүтээл, зэмсэг, хувцас хэрэглэлийг гадаад, дотоодын жуулчид, олон улсад сурталчлан таниулах зорилготой гэнэ. Сонирхолтой баримт дурдахад, эртний монгол хаадын ордонд эгшиглүүлж байсан хөгжмийн бүтээлүүдийг алтан үсгээр тэмдэглэсэн ноот өдгөө БНХАУ-ын Бээжин хотын Хааны музейд хадгалагдаж буй аж. Тэдгээрээс Лигдэн хааны ордны найрал хөгжмийн аялгууг ӨМӨЗО-ы судлаач Н.Мэндбаяр орчин үеийн таван утастай ноотонд хөрвүүлснийг “Хаан найрал” чуулгынхан тухайн үеийнх нь найруулгаар тоглодог юм байна. Тус чуулга нь СУИС, Монгол Улсын консерваторын төгсөгчдөөс бүрдсэн 20 хөгжимчинтэй бөгөөд тоглолтдоо эртний хөгжмийн зэмсгүүдийг ашигладгаараа онцлогтой.