Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам долдугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна.Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирэх товтой байна.
Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулах аж. Эхний жилүүдэд Хэнтий, Дорнод аймгийн буриадууд амьдардаг сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа сурталчилсан шинжтэй наадам болж байсан ч жилээс жилд өргөжин, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцох болжээ.
Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна. Дэмжигч байгууллагаар ОХУ-ын Соёлын яам, "Евроазийн ард түмнүүдийн ассамблей" олон нийтийн байгууллага оролцох юм.