“Жуулчин” ХХК үндэсний өв соёлоо сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Бүргэдийн ан” арга хэмжээг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь “Жуулчин Тэрэлж” ресортод нэг сарын турш зохион байгуулахаар төлөвлөж, нээлтийн үзүүлбэрээ өчигдөр толилууллаа. Жуулчлалын оргил үед гадаад, дотоодын аялагчдыг татах зорилготойгоор санаачилсан эл арга хэмжээний гол баатрууд нь Баян-Өлгий аймгийн Алтай сумаас ирсэн бүргэдчид гэнэ.
“Бүргэдийн ан”-гийн эхний өдрийн үйл ажиллагаа өчигдөр 10.30-14.00 цагт болсон бөгөөд цаашид долоодугаар сарын 25 хүртэл өдөр бүр 10.30-12.00 цагт жуулчдад үзүүлбэр, тоглолт толилуулах нь. Уг арга хэмжээний тасалбарын үнэ 30 ам.доллар юм байна. Тэрчлэн зохион байгуулагчдын зүгээс жуулчдад тусгай үнэ, хөтөлбөр бүхий өдрийн аяллыг ч санал болгож байгаа аж.