Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг 2025 онд Чех улсын нийслэл Прага хотноо хамтран гаргах тухай гэрээнд Чингис Хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Чехийн Үндэсний музейн захирал, доктор М.Лукеш нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.
Үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд Чехийн Үндэсний музейд нээж, таван сарын турш олны хүртээл болгох юм. Чехийн Үндэсний музей нь 200 гаруй жилийн өмнө байгуулагдсан Төв Европын томоохон музейнүүдийн нэг бөгөөд жилдээ 1.5 сая хүн тус музейг үзэж сонирхдог байна.
Түүнчлэн Чехийн Үндэсний музей болон түүний харьяа музейнүүдэд хадгалагдаж буй Монголтой холбоотой үзмэр, эд өлгийн зүйлсээр “Чех дэх Монгол өв” номыг бэлтгэж, 2025 онд хэвлэн гаргахаар төлөвлөжээ.