Үндэсний их баяр наадмын үндэсний сур харваанд чансаа өндөр 540 харваач алтан шар зурхайд цэц сорьдог уламжлалтай. Шилдэг харваачдын тоонд багтахын тулд тамирчид чансааны оноо цуглуулах тэмцээнд оролцдог. Монголд биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100, Дорнод аймгийн Баян-Уул сумын 100, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн, тус сумын уугуул А.Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит үндэсний их сурын цуваа харвааны УАШТ болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1044 харваач цэц сорьж, хана, хасаа харвааны нийлбэр оноогоор аваргуудаа шалгарууллаа. Энэ удаа эрэгтэйчүүдээс Ховд аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, эмэгтэй харваачдаас Өмнөговь аймгийн харьяат, улсын гоц мэргэн О.Чинзүрх нар гурав дахь удаагаа улсын аваргаар шалгарлаа. А.Цэвээн агсан нь улсын наадамд дөрвөн удаа тэргүүлэн, 11 удаа аман хүзүүдэж байжээ. Түүн шиг 64 насандаа ийм өндөр амжилт гаргасан харваач одоогоор хараахан тодроогүй аж.