“Зөв сайхан бичигтэн анги хамт олон” монгол хэлний олимпиадыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн 2669 бүлгийн сурагчид үүнд оролцсон байна. Тэдгээрээс гуравдугаар шатанд 144 бүлэг “Зөв сайхан бичигтэн хамт олон”-оор шалгарчээ. Гуравдугаар ангийн ангилалд 30 дугаар сургуулийн Ц.Цэрэнбат багшаар удирдуулсан 3А-гийнхан тэргүүлсэн байна. Дөрөвдүгээр ангийнхад нь 45 дугаар сургуулийн Д.Отгонжаргал багштай 4А бүлгийнхэн шилдгээр шалгарчээ. “Шинэ үе” сургуулийн 5В ангийн сурагчид нийслэлийн тавдугаар ангийн сурагчдаас монгол хэлний мэдлэгээрээ илүүрхлээ.
10 дахь удаагийн уг олимпиадыг “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уриатайгаар зохион байгуулсан юм. Энэхүү олимпиадыг 2023-2024 оны хичээлийн жилд гурван үе шаттайгаар явуулжээ. Олимпиадын даалгавар нь хүүхдүүдийн унших, сонсох, ойлгож тогтоох, ойлгосноо илэрхийлэн зөв, цэвэр сайхан бичих чадварыг сорих болон хөгжүүлэхэд чиглэжээ. Бага ангийн монгол хэлний олимпиадаар дамжуулан сурагчдыг эх хэлээрээ зөв бичиж сургах, түүхээрээ бахархах, анги удирдсан багш нарын заах арга, ур чадварыг хөгжүүлэхийг зорьсон байна. Тус олимпиадад оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл