Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс, БНАЛАУ-ын албаны төлөөлөгчид болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Эх сурвалж: ЕТГ