Богд хааны ордон музейг сэргээн засах ажил 70 хувьтай үргэлжилж байгааг Соёлын яамнаас мэдээлэв. Уг ажлыг ирэх наймдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөж буй аж. Музейг 2022 оны наймдугаар сарын 1-нээс сэргээн засаж эхэлсэн аж. Үүнд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэнэ. Богд хааны ордон музейг үүнээс өмнө 1961-1962 онд сэргээн засварлаж байжээ. Өөрөөр хэлбэл, тус музейд сүүлийн 60 гаруй жилийн турш бүрэн хэмжээний засвар хийгээгүй байж. Сэргээн засварлалтыг Энэтхэг, Өмнөд Солонгос улсын соёлын өв, уран барилга сэргээн засварлалтын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй. Уг нь өнгөрсөн онд багтаан дуусгана хэмээж байсан. Богд хааны ордон музейн засварын ажлыг гүйцэтгэж буй “Энэржин” компаниас “Өнгөрсөн онд бороо ихтэйгээс засварын ажлыг удаашруулсан. Энэхүү музей нь энгийн барилга биш тул чимхлүүр ажлууд ихээхэн ордог. Тиймээс хугацаа шаарддаг” гэсэн юм.
Бэлтгэсэн: А.Үүл