Нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжуулалтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Зөвлөх баг 2024 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарыг дуустал хугацаанд хийж гүйцэтгэж байна.
Зөвлөхүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/19 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд Зөвлөх багийн зүгээс төр, хувийн хэвшлийн асрамжийн газруудад очиж ажилласан. Мөн яамны холбогдох газрууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төлөөлөлтэй 7 хоног бүр хамтарсан уулзалт хийж, 2 удаа явцын тайлан танилцуулах хэлэлцүүлэг боллоо.
Төрөлжсөн асрамжийн “Аhmad.ehalamj.mn” систем хөгжүүлэлтийн ажил одоогоор 85 хувьтай явагдаж байна. “Аhmad.ehalamj.mn” цахим систем нь улс, орон нутаг, хувийн хэвшлийн асрамжийн газруудын танилцуулга, статистик мэдээ, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, үйлчлүүлэгчдийн зардлын нормативын тайлан, тэтгэврийн 30 хувийн зарцуулалтын тайлан, худалдан авах ажиллагааны тайлан, хандив тусламжийн тайлан, магадлын итгэмжлэлийн үйл ажиллагаа зэргээс бүрдэх юм. 2024 оны тавдугаар сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.