Онцгой байдлын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахыг нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон өчигдөр шаардлаа. Тэд уг шаардлагаа ОБЕГ, Шадар сайд С.Амарсайханд хаяглажээ. Онцгой байдлын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдах тохиолдол нэмэгдсэн нь тэдэнд хамгаалах хувцас хэрэгсэл хангалттай байдаггүйтэй холбоотойг дээрх холбооныхон хэлэв.
Тиймээс стандартын шаардлага, аюулгүй байдал хангасан, найдвартай, чанартай хувцас, хэрэгсэлтэй болгохыг шаардлагадаа дурдсан байна. Мөн аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаах сургалтад алба хаагчдыг тогтмол хамруулах ёстой хэмээв. Түүнчлэн тэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг дагаж мөрдөн ажиллаж буй, эсэхийг хянаж шалгах ёстойг онцоллоо. Уг хяналт шалгалтад хөндлөнгийн байгууллагууд буюу үйлдвэрчний эвлэлийн холбоодыг оролцуулах нь чухал гэв.
Бэлтгэсэн: А.Үүл