Оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих картыг түр хугацаанд хүчингүй болгож байгаагаа Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдэгдлээ.
2023 оны долоодугаар сарын 07-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна.
Нийтийн Тээврийн Газар(НТГ)-аас энэ оны эхнээс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлжээ. Иймд тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих боломжгүй болж байна.