Авлигатай тэмцэх газарт Хөгжлийн банкнаас 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр талархал илэрхийлэв.
Уг талархлын бичигт “Авлигатай тэмцэх газар нь зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлсэн эх үүсвэрээр 500 сая ам.долларын бонд, 30 тэрбум иений бондын өрийг амжилттай төлж барагдуулахад үнэтэй хувь оруулсанд талархал илэрхийлье” гэжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022-2023 онд Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгон зээл олгосон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 онд Хөгжлийн банкны эрх бүхий 84 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.
Дээрх хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,3 их наяд төгрөгөөр тооцогдсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад 861,3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн юм.
Хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй, дампуурлаа зарлахад тулсан бэрх үеийг хамтдаа даван туулж, мөрдөн шалгах ажиллагааг богино хугацаанд шуурхай, эрчимтэй явуулж, тал бүрийн идэвх санаачилгын үр дүнд 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 1,6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг Авлигатай тэмцэх газрын хамт олон хангуулж чадсаныг тус банкнаас онцлон тэмдэглэжээ.