Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, 372,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улсын хэмжээнд 2023 онд нийт 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тухайлбал, Нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, 3974 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.
Мөн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Бүрэн сумдын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн холбогдох байгууллагын нийт 140 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр 350 орчим км орон нутгийн замд гарц гаргаж, цасанд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргасны зэрэгцээ 25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлж, өвс, хүчит тэжээл тээвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.
Монгол Улсын эрэн хайх, аврах баг БНТУ-д үүрэг гүйцэтгэж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг БНТУ-д тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэлээ.
Эрэн хайх, аврах багийнхан 2023 оны 2 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд дэлхийн 70 орчим улсын 11 мянга гаруй аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж эрүүл мэндийн байгууллагад, 19 (үүнээс 6 хүүхэд) буцалтгүй нэрвэгчдийг гаргаж холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бөгөөд эмнэлгийн бүлэг нь 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Ийнхүү Монгол Улсын аврах баг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харууллаа.
Мөн гамшигт нэрвэгдсэн БНТУ-ын ард, иргэдэд улсын нөөцөөс 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр зэрэг нийт 331,3 сая төгрөгийн бараа илгээж, 50,000 долларын мөнгөн тусламжийг үзүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг батлууллаа
Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 38 сая еврогийн санхүүжилт олгох бөгөөд “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлнэ. Төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр Онцгой байдлын байгууллагын Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны бие даан үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, нисгэгч аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, холбогдох программ хангамж, хэрэгслийг сайжруулах юм.
Түүнчлэн төслийн хүрээнд гал түймрийг хөөсөөр унтраах тусгай зориулалтын автомашин, автомеханик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис нийлүүлэгдэж Онцгой байдлын байгууллагын техникийн төрөл, хүчин чадлыг нэмэгдүүлснээр бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.