Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдын иргэдэд тусламж дэмжлэг үзүүлсээр байна. Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрч, цасны зузаан эрс нэмэгдэж, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн сургагч ахлагч Ц.Ганболд, ахлах ахлагч У.Нямцог нар цэргийн зориулалттай нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Энэ нь зам даваа гүвээг нээх, малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд саадгүй хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон нутгийн тээвэрчдэд туслах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Цэргийн алба хаагчдад аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийлж, их хэмжээний цас орсны улмаас үүссэн гамшгийн голомтыг хэвийн болтол нь үүрэг гүйцэтгэхийг захиж байсан юм.