Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэгт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн иргэн Б.П нь өвөлжөөндөө өвс тэжээл хүргэх зорилгоор 3 том хүн /1 эрэгтэй 2 эмэгтэй/ 3-12 насны 3 хүүхдийн хамт Портер маркийн автомашинтай арванхоёрдугаар сарын 21-ний 12.00 цагт Ховд аймгийн Үенч сумаас хөдөлгөөн үйлдэн хилийн заставын хариуцсан хэсэгт автомашин нь замын хажуу руу гулган орж эвдэрч хээр хоносон байна.
Энэ талаараа арванхоёрдугаар сарын 22-ны 10.00 цагт сүлжээнд гарч хилийн цэргийн 0124 дүгээр салбарт мэдэгджээ. Улмаар Хилийн цэргийн 0130 дугаар ангийн штабаас хилийн цэргийн 0124 дүгээр салбарын сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Г.Цогмандахаар ахлуулсан эрэн хайх аврах бүлгийг арванхоёрдугаар сарын 22-ны 10.00 цагт хөдөлгөөн үйлдүүлж улсын хилд төөрсөн иргэдийг 16.00 цагт нутгийн гүнд хилийн заставаас 80 километр зайд осголтын байдалтай байсныг олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, халуун хоол цайгаар туслалцаа үзүүлжээ. Мөн эвдэрсэн автомашиныг засварлан 18.30 цагт өвөлжөөндөө байрлах ар гэрт нь хүлээлгэн өглөө. Тус эрэн хайх ажиллагаанд хилчдэд хүч нэмэн оролцсон Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн малчин А.Энхтөр Б.Ариунболд нарт талархал илэрхийлье.