Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай энэ оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр танилцлаа.
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, П.Соёл-Эрдэнэ нар сурагчдыг хүлээн авч, ажлаа танилцуулж, шүүх эрх мэдлийн онцлог, шударга шүүхээр шүүлгэх эрхийн талаар мэдээлэл хийж, ярилцсан юм.
Эрх зүйч мэргэжил сонгосноор ажиллах салбар болон шүүгч мэргэжлийн онцлог, чиг үүргийн талаар Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн сурагчдад танилцуулж, сонирхсон асуултад хариулав. Шүүгчийн ажлыг сонгосон шалтгаан, мэргэжил сонголт хийхдээ анхаарал зүйл, хэрэг маргаан шүүхдээ баримталдаг зарчим, ажлын онцлог зэргийн талаар сурагчид тодруулж, өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийллээ.
“Шударга шүүхээр шүүлгэх эрх” сэдвийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ мэдээлэл хийхдээ шүүхийн тогтолцоо, төрөл болон иргэдийн шүүхэд хандах эрхийн талаар онцолсон юм.
Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргаан хуваарилах үйл явц болон шүүхийн ил тод нээлттэй байдал, мэдээлэл хэрхэн авах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, ажлаа танилцууллаа.
Шүүх эрх мэдэл болон шүүгчийн ажлын талаарх мэдлэгээ бататгаж, мэргэжил сонгоход ач холбогдолтой мэдээлэл авснаа сурагчид энэ үеэр хэлсэн юм.