Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч, бэлтгэл офицер А.Эрдэнэмөнх цэргийн алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд явуулж буй сургалтаа 12 дугаар сарын 20-ны энэ өдөр Зэвсэгт хүчний 014, 337, 350, 353 дугаар ангийн бүрэлдэхүүнд зохион байгууллаа. Сургалтаар “Хөдөлмөр эрхлэлт ба цэргийн алба”, “Цэргийн алба ба ёс зүй, сахилга хариуцлага” гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, дэлхийн орнуудын туршлага, сургамжийг нь давхар өгүүлж байсан юм.
“Цэргийн алба бол хүнд хэдий ч хүндтэй хөдөлмөр. Энэ албыг ажил амьдралаа болгосон хэнбугай ч бахархаж, омогшиж, хайрлаж явах учиртай. Зөрчил гэдэг жижиг зүйлээс эхэлдэг. Зан харилцаа, буруу хэвшил, дадал, хандлага, ёс зүй, хамт олонч бус байдал гээд нөлөөлөгч олон хүчин зүйл бий” хэмээн Зэвсэгт хүчинд алба хааж байхдаа хуримтлуулсан туршлага сургамж болоод алба хаагчдын нийтлэг гаргадаг эрх зүйн зөрчлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарах тухай ярилаа.