Замын-Үүд -Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ.
Ийнхүү анх удаа Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 14 хоногийн хугацаатай эхлүүлж байна.
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах юм байна. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ.
Харин тээвэрчдийн зүгээс Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойг онцолж байв.
Дашрамд дурдахад Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол Замын-Үүд боомтыг өргөтгөж зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэн юм.