Цагдаагийн байгууллагын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102, 103, 101/105 тусгай дугааруудад энэ оны эхнээс 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 829,964 гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
Эдгээр дуудлага, мэдээллээс байгаа газраа мэдэхгүй, хаягаа зааж чадаагүй 131 дуудлагыг видео дүрсээр хүлээн авч, шуурхай тусламж үзүүлжээ. Тодруулбал, 101, 105 дугаарт 15 дуудлага, 102 дугаарт 109 дуудлага, 103 дугаарт 7 дуудлага, мэдээлэл тус тус хүлээн авчээ. Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгээр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон юм. Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах, хаяг, байрлалаа мэдэхгүй байгаа иргэдэд тусламж үзүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Дэлхийн зарим улс орны цагдаагийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг ухаалаг утасны тусламжтайгаар хянах аргачлалыг ашигладаг байна.