Хөвсгөлийн нууранд 16 метрийн гүнд байсан, 309 тн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нь 2024 оны эцэс гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл байлаа.
1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргасан юм.
“Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй. Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байжээ. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан юм.
1954 онд ЗХУ-ын “Красный Сормов” үйлдвэрт үйлдвэрлэсэн энэ хөлөг онгоцоор баруун аймгуудын хэрэгцээт шатахуун, бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг байжээ.
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг 2023 оны зургадугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж 2023 оны 8-р сар гэхэд:
• Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит трактор,
• Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн 58-12ХӨ улсын дугаартай (Ч47-13) “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашин,
• Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл,
• Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 километрийн зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тонн шатахуун тээврийн автомашин,
• 1981 онд живсэн 74 метрийн гүнээс Зил-130 автомашиныг тус тус татан гаргажээ.