Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн Хатгуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 209 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км, Завхан аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км/-т арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 19.48 цагт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар Мөрөн-Тэлмэн чиглэлийн 110 кВ-ын агаарын шугамын цахилгаан дамжуулах утас тасарч гэмтэл гарсны улмаас Завхан аймгийн 21 сум, Говь-Алтай аймгийн 6 суманд цахилгаан эрчим хүч тасарсан аж.
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар Мөрөн дэд станц, Эрдэнэт салбарын ажилтнууд цахилгааны гэмтлийг сэргээн засварлаж 12.11-ний өдрийн 18.54 цагт цахилгаан эрчим хүчинд холбож хэвийн горимд оруулсан байна.