“Mongolian grand prix” балетын улсын хоёрдугаар уралдааныг хоёр төрөл, дөрвөн насны ангиллаар ДБЭТ-т энэ сарын 22-24-нд зохион байгууллаа. 9-11 насныхны гоцлол төрөлд түрүүлсэн 31 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч, “Сильфида” балетийн сургуулийн суралцагч М.Номинтой ярилцлаа.
-Ямар шалтгаанаар балетаар хичээллэх болсон бэ?
-Би таван настайгаасаа балетаар хичээллэсэн. “Сильфида” балет, төгөлдөр хуурын сургуулийн тайлан тоглолтыг үзээд балетаар хичээллэх хүсэл анх төрсөн юм. Тэгээд “Энэ сургуульд явбал зөвшөөрөх үү” гэж ээж, ааваасаа гуйхад дуртай нь аргагүй зөвшөөрч байлаа. Анх удаа бэлтгэл хийхэд хэцүү санагдсан л даа. Харин яваандаа дасаж, илүү зоригтой болсон.
-Уралдаанд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Анхандаа түрүүлнэ гэж ерөөсөө бодоогүй. Түрүүлснээ сонсоход маш гоё сэтгэгдэл төрсөн. Гэнэт миний нэрийг зарлахад өөртөө итгэлтэйгээр инээмсэглэсэн. Энэ уралдаанд хоёр дахь удаагаа оролцоод, анх удаа алтан медаль авлаа. Гоцлол төрөлд “Пахита” балетаар оролцлоо. Ингэхдээ хамгийн хэцүү дүрийг нь бүтээсэн. Санасандаа хүртэл дүрээ гаргаж чадсандаа маш их баяртай байгаа. Намайг уралдаанд бэлдэхэд Э.Номин багш маш их тусалсан. “Сильфида” сургуульд элсэхэд М.Төмөрцоож багш шалгаруулж авахдаа намайг “Ямар гоё нуруутай юм бэ” гэж магтаж байсан. Багш намайг бэлдүүлж байхдаа алдааг минь сайн засаж, хэлж зөвлөдөг. Тэрбээр өөрөө бүжиглэж, бас бидэнд маш хялбар аргаар заадаг.
-Ээж, аав нь маш их дэмждэг байх?
-Тэд маш их дэмждэг. Тиймээс би ачийг нь хариулна гээд хичээнгүй суралцаж байгаа. Бас найзууд минь “Сайн хичээгээрэй, алтан медаль аваарай” гэж үргэлж хэлдэг. Уралдаанд оролцохоос бараг 2-3 сарын өмнө бэлтгэлээ хийж эхэлдэг юм. Яагаад гэвэл тайзан дээр бэлтгэл хийдэг үеийнхээсээ илүү сайн байх хэрэгтэй учраас маш олон удаа давтаж, хичээнгүй хөдөлмөрлөдөг. Олон улсын уралдаанд оролцохдоо хичээлээсээ чөлөө авч, өглөөнөөс орой хүртэл маш шаргуу бэлдэж байж үр дүн гаргадаг.
-Балетаар тууштай хичээллэсний үр дүн, эерэг талыг юу гэж боддог вэ?
-Давуу тал нь маш цэвэрч, нямбай болно. Өөрийнхөө эд зүйлийг хямгадаж сурна. Олон уралдаанд оролцвол ур чадвар илүү сайжирч, туршлагажна гэж боддог.
-Гадаад улсад ямар уралдаануудад оролцож байв?
-Хамгийн анх Япон Улсад уралдаанд оролцсон. Амжилт гаргаж чадаагүй ч хоёр шатанд тэнцэж үлдсэн. Түүнчлэн БНСУ, АНУ-д уралдаанд өрсөлдөж байлаа. Солонгосчуудаас илүү гарахын тулд маш их хичээж, алтан медаль авсан. Солонгос, япон охидууд маш шаргуу бэлддэг учраас чадварлаг байдаг. Монгол хүүхдүүд хичээнгүй мөртлөө балетыг хэтэрхий амархан гэж боддог. Гэсэн ч хамгийн хэцүү урлаг бол балет. Би олон гадаад найзтай болсон. Тэдэнтэй байнга холбоотой байдаг.
-Ирээдүйн мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Би балетад маш их дуртай. Том болоод балетын багш юм уу, эсвэл Оросын Их театрын гоцлол бүжигчин болохыг хүсдэг. Бас О.Анужин, Б.Саруул, М.Од зэрэг багш нарыгаа дэмждэг.
-Тайзан дээр гарахдаа сандардаг уу. Эсвэл хэдийн дасчихсан уу?
-Сандралаа хурдан дардаг, инээмсэглэлээ удаан хадгалж чаддаг нь миний давуу тал.