Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан”-ыг 2023 оны арваннэгдүгээр сарын 8- 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү уралдааныг Бямбасүрэнгийн Шарав агсан өөрөө санаачлан 2012 онд анх удаа зохион байгуулж байсан бөгөөд анхны уралдаанд Монгол, Япон, Орос, Хятад зэрэг улс орнуудын 80 гаруй уран бүтээлчид, 2016 онд зохион байгуулсан 2 дугаар уралдаанд 92 уран бүтээлч оролцож байсан бол энэ жил Монгол Орос, Хятад зэрэг улс орнуудаас 120 гаруй оролцлоо. Уралдааны хүндэтгэлийн тоглолт өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулснаар өндөрлөлөө.
Энэхүү уралдааны зорилго нь төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хүрээнд сонгодог урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлах, авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжих, ур, чадварыг дээшлүүлэх, тэдний урын санг монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээр баяжуулан авьяас билгээ сорих боломж олгоход чиглэгддэг бөгөөд тус уралдааныг зохион байгуулснаар залуу уран бүтээлчдэд харилцан туршлага солилцох, гоц чадварлаг, өсөх ирээдүйтэй мэргэжлийн залуу дуучид, үндэсний хөгжимчдийг нээн тодруулж улмаар суут хөгжмийн зохиолч Б.Шаравын туурвисан зохиол бүтээл болон орчин цагийн монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 143-р тогтоолоор 4 жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ удаагийн уралдааныг Соёлын яам, ЗГХА-Соёл, урлагийн газар, МУ- ын Консерватори, “Шарав сан” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Ивээн тэтгэгч байгууллагаар MSC Metagro, Таван нүдэн брэнд, World wine, Чингис хаан зочид буудал, Төгөлдөр сан, Боловсрол телевиз, UBS телевиз нар хамтран ажиллаж байгаа дээр мэргэжлийн урлагийн байгууллагууд болон уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцлоо.