Шинэ танил чинь бааранд хамт оруутаа гараа дээш, доош савчаад бас болоогүй хөлөөрөө урагш, хойш хий өшигчөөд “Май чи, май чи” гэж бүжиглээд байвал чи яах вэ. Бас гэнэтхэн “Би чамд анхны харцаар дурлачихлаа” гэвэл итгэх үү. Хамгийн гол нь “Би өмнө нь хэзээ ч ингэж догдолж байгаагүй. Хэн ч чам шиг дотно сэтгэгдэл төрүүлээгүй. Одоо бол би чамаас алхам холдмооргүй байна” гэж ирээд л нэвт шувт ширтэнэ. Энэ этгээд хачин залууг Жаргал гэдэг. Харин тэрхүү ширтэх харцны гол цөм болсон гоо бүсгүй бол Сүндэр.
Тэдний хувь заяа цаашид хэрхэх бол. Сүндэрийн найз Анудаа ярих нь “Май чи, май чи гэж сонин бүжиглэдэг залуутай гэрлэхгүй” гэх. Жаргалын хэлснээр бол Сүндэр тахиа, өөрөө үхэр жилтэй. Сүндэр найман цагаан, Жаргал долоон улаан мэнгэтэй. Тэд төрсөн жилийнхээ хувьд ивээл аж. Дээр нь мэнгэ нь тохирч байгаа бөгөөд жил, мэнгэ хоёулаа тохирно гэдэг “Дээдийн дээд эвийн хүрдэнд тохирсон хос” аж.
Магадгүй юм. Учир нь инээдтэй ч юм шиг энэ явдлаас хоёрхон хоногийн дараа хосууд гэрлэлтээ батлуулсан юм.
Гэрлэх ёслолын ордны ажилтан -Иргэн Балдан овогтой Жаргал та иргэн Рэнцэнгийн Сүндэртэй хайр дурлалын үндсэн дээр гэр бүл болохоор шийдсэн үү
Жаргал -Тиймээ, би Сүндэрт хайртай, аймар хайртай.
Гэрлэх ёслолын ордны ажилтан -Иргэн Рэнцэн овогтой Сүндэр та иргэн Балдан овогтой Жаргалтай хайр дурлалын үндсэн дээр гэр бүл болохоор шийдсэн үү...
Сүндэр- Эгчээ ядаж байхад та намайг битгий “Та” гээд байлдаа.
Гэрлэх ёслолын ордны ажилтан -Ингэж хэлэх ёстой юм аа. За ингээд та хоёр төрдөө данстай гэр бүл боллоо. Баяр хүргэе хэмээгээд гэрлэлтийн гэрчилгээг Сүндэрт өглөө.
Үүнтэй зэрэгцээд гэнэт Жаргалын найз, үнэндээ бол шоу продюсер Цэнгэл “Эрхэм үзэгчдээ манай телевизийн “АНХНЫ харцаар дурлаж болох уу” шоу ийн амжилттай өндөрлөлөө. Баяр хүргэе Жаргалаа чи мөрийгөө авлаа” хэмээн нэвтрүүлгийн хаалтаа зарлаж орхино. Үүнийг сонссон Сүндэр нүүрээ даран гарч гүйнэ.
Энэ явдлаас хойш Жаргал “Сүндэрээ чи намайг уучил. Би чамтай анх тэр л газраа өдөр бүр хүлээнэ, хайрлана” хэмээн өдөр бүр FM-ээр мэндчилгээ дамжуулах болжээ.
...Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ...
Дээр бичсэн зүйл Соёлын Гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн зохиол "ХАЙРЫН ВИЗ” уянгын драмын жүжгийн багахан хэсэг. 2006, 2019 онд жүжгийг үзэгчдэд хүргэж байсан. Харин энэ удаа М.Батболд шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр дахин олны хүртээл болгосон. Товчхондоо, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчдийг хэдэн арван орой уяж, зүрх сэтгэлийг нь хайраар хөглөж, олон олон залууст хайрын виз даруулах боломж олгосон билээ.
Хайрыг чи чин сэтгэлээсээ хүсвэл хувь тавилан чамтай хуйвалдаж магадгүй юм.
Дүрүүдэд:
Жаргал - Т.Сэргэлэн /МУСТА/
Цэнгэл - Ц.Жаргалсайхан
Сүндэр - П.Мягмарсүрэн
Ану - Б.Ариунхишиг
Аав - М.Түвшинхүү /МУСТА/
Ээж - С.Ариунжаргал /МУСТА/
Цэнгэл - О.Гэрэлсүх /МУСТА/
Зөөгч - И.Дашнамжил, Г.Эрдэнэболд,
Гэрч - П.Оюунчимэг /МУСТА/
Олны хэсэг - УДЭТ-ын дэргэдэх “Театр” студийн жүжигчид тогложээ.