Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө Дорнод аймгаас 670 км замыг тэргэнцэртэй туулж, Улаанбаатар хотод ирсэн Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг болон түүний багийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, ХБХХЕГ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор таван хүний бүрэлдэхүүнтэй баг "Тэргэнцэртэй марафон" аяллаа энэ сарын 10-ны өдөр эхлүүлсэн юм.
Тэд уулзалтын үеэр орон нутагт хууль эрх зүйн талаарх мэдлэг ойлголт өгөх сургалт арга хэмжээ, нөлөөллийн ажил зохион байгуулах. Аймаг дүүргүүдээс гадна сум, багийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангах, ХБХХЕГ-т Хөгжлийн бэрхшээлтэй хүний спорт, урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн, газар нэгжтэй болгох, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, урлаг, спортоор хичээллэдэг хүмүүсийг Олон улсын тэмцээн уралдаанд явахад нь дэмжлэг үзүүлэх, дасгал сургуулилт хийх, хичээллэх боломжоор хангах, орон нутгийн ТББ-ыг чадавхжуулах зэрэг хөдөө орон нутагт тулгамдаж, шийдвэрлүүлэхийг хүсэж буй асуудлуудаа танилцуулсан юм.