Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Судалгааны институт, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн хамтарсан ажлын хэсгийн баг төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд наймдугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Процессын дахин инженерчлэл” уулзалт, хэлэлцүүлэг, судалгааг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийслэлийн нийгмийн даатгалын газарт зохион байгуулж, нийт албан хаагчидтай санал солилцож, судалгаа хийн, ярилцлагын шатандаа явж байна.
Өмнө нь тус ажлын хэсгийн хүрээнд зургадугаар сарын 19-өөс долдугаар сарын 28-ны өдрүүдэд “Процессын дахин инженерчлэл” уулзалт, хэлэлцүүлэг, судалгааг Сэлэнгэ, Архангай, Хэнтий аймаг болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулсан. Тус уулзалт, хэлэлцүүлэгт 13 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийт 120 албан хаагч төрийн албаны бүтээмж, чадамжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагчид болон үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалтад хамрагдсан.
Төрийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэлийг хийснээр дараах үр дүнд хүрнэ гэж бид үзэж байна. Үүнд:
- Иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шат дамжлагын тоог бууруулна
- Төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай хүргэх боломж бүрдэнэ.
- Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй зохион байгуулна.
- Төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэд хүссэн хэлбэрээр, хялбараар авах боломж бүрдэнэ.
- Захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгоно.
- Төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамж нэмэгдэх ач холбогдолтой.