Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага хилийн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлээгүй хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Учир нь цахим орчинд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймаг дахь хилийн отрядыг Гурвантэс сумын ойролцоо байрлуулах чиглэл өгсөн, тухайн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлж, Хятадын цэргийн түргэн байрлах хүчний рот болон Хятадын төрийн өмчит ашигт малтмал олборлох компани орж ирж байрлах нь” хэмээх ташаа мэдээлэл тархсан.
Энэхүү мэдээлэлд дурдсан үйл ажиллагаа нь дээрх хууль тогтоомжоор хориглосон үйлдэл тул хэрэгжих боломжгүй бөгөөд ор үндэслэлгүй ташаа мэдээлэл юм. Мөн БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1975 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгүүлсэн тул улсын хилийн бүрэн бүтэн байдал хууль тогтоомжоор бүрэн хамгаалагдсан байдаг. Энэхүү мэдээлэл нь улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул Хил хамгаалах байгууллагын зүгээс хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах болно.
Монгол Улсын Үндсэн хуулиас
Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйл
1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”,
2-т “Монгол Улсын хилийг хуулиар бататгана”,
3-т “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно” гэжээ.
Монгол Улсын хилийн тухай хууль
4.2-т “Улсын хил халдашгүй дархан байна.”
4.3-т “Улсын хилийн халдашгүй дархан байдал нь улсын хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байхаар хангагдана.”
4.4-т “Хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байна.”
6.1-д Улсын хилийн шугамыг тодорхойлох, тогтоох, өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.”
7.1-д “Улсын хилийг газар дээр нь тогтоохын тулд хил залгаа улстай хилийн шугамыг тодорхойлж, хилийн гэрээ байгуулах ба түүнийг Улсын Их Хурал соёрхон батална.” гэж заасан.
Монгол Улсын батлах хамгаалах бодлогын үндсийн 3.2.7-д ”Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх” гэж тус тус заасан.