Засгийн газраас 2023-2025 оныг “Welcome to Mongolia” уриан дор “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн Монгол Улсыг дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Одоогоор 424 934 жуулчин Монголд ирсэн байна. Тэдний дотор олон улсад танигдсан, онцлох ямар хүмүүс байсан талаарх мэдээллийг хүргэе.
CNN ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ, ХӨТЛӨГЧ РИЧАРД КВЭСТ
Ричард Квэст “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг сурвалжлахаар энэ сард Монголд иржээ. Тэрбээр 1985 оноос ажлын гараагаа эхэлсэн, CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч юм. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс гадаад сурталчилгаагаа эрчимжүүлж, СNN, “Financial times”, “Economist” зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Ричард Квэст Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэжээ.
ХОЛЛИВУДЫН АЛДАРТ КРИСТИАН БЭЙЛ
Холливудын алдарт жүжигчин, “Оскар”-ын шагналт Кристиан Бэйл өнгөрсөн долдугаар сарын дундуур Монголд гэр бүлийнхний хамт ирж, амраад буцжээ. Түүний цахим хуудсандаа нийтэлсэн, казах угсаатны хүмүүстэй хамт авхуулсан зургаас нь Баян-Өлгий аймгаар аялсныг нь мэдэх боломжтой. Тэрбээр 13 настайгаасаа Холливудад хөл тавьсан бөгөөд Стивен Спилбергийн найруулсан“Нарны эзэнт гүрэн” кинонд Жим Грэм гэх жаалын дүр бүтээснээрээ авьяаслаг жүжигчин болохоо харуулсан. Улмаар “American psycho”, “Batman begins”, “Dark knights”, “The machinist”, мөн“Оскар”-ын шагнал хүртсэн“The fighter” зэрэг үзэгчдийн шимтэн үздэг олон кинонд дүр бүтээсэн чадварлаг жүжигчин билээ.
МОНГОЛ ГИШҮҮНТЭЙ “МЕГАМАКС”
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран энэ сарын25-27-нд Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулсан. Тус арга хэмжээнд БНСУ-ын хөвгүүдийн “Мегамакс” хамтлаг уран бүтээлээ толилуулсан юм. Тус хамтлагийг 2021 онд “In media” агентлагийн дэргэд байгуулж, “Painted love” цомог гаргажээ. “Мегамакс” зургаан гишүүнтэй бөгөөд нэг нь монгол залуу Б.Баасанхүү буюу Кан билээ. Элхамтлагийннэгэнгишүүнярилцлагадаа “Монголд хамгийн түрүүнд хийж үзмээр байгаа зүйл бол өргөн уудам тал нутагт очиж, зүлгэн дээр гүйх. Бас морь, тэмээ унаж, Элсэн тасархайгаар явахыг хүсэж байна” хэмээн ярьжээ.
АНУ-ЫН “CIGARETTES AFTER SEX” ХАМТЛАГ
“Cigarettes after sex”-ийг дрийм поп урсгалын хамгийн том төлөөлөгч гэж үздэг. Амьд хөгжим суурьтай, аялгуулаг намуун хэмнэлтэй, гүн гүнзгий утга агуулгаар дамжуулан сонсогчдын зүрх сэтгэлийн гүнд хүрдэг эл хамтлаг монгол фэнүүдтэйгээ уулзаж, “Play time” фестивальд оролцохоор өнгөрсөн долдугаар сард манайд ирсэн. Хамтлагийн тухайд “Cry” нэртэй хоёр дахь цомгоо 2019 онд гаргасны дараа Европ, Хойд Америк, Австрали, Ази гээд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, “Heavenly”, K, “Falling in love”, “Sunsetz” зэрэг уран бүтээл нь шилдэг дууны жагсаалтад бичигдэж эхэлсэн билээ. Орчин үеийн поп, зөөлөн инди рок урсгалыг сэтгэлд тусахуйц чамин үгтэй хослуулдаг энэхүү хамтлаг нь “Spotify” платформд сар бүр тогтмол 4.5 сая сонсогчтой байдаг аж. Энэ нь дэлхийн хэмжээний шилдэг хамтлаг гэдгийг нь илтгэх үзүүлэлт юм. Харин“Playtime”-ын хувьд 2027 он гэхэд Азийн топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготойгоос гадна жилээс жилд хамрах хүрээгээ тэлсээр буй.
НУСЕЙР ЯСИН
Нусейр Ясин Монгол Улсад “Nas summit” арга хэмжээ зохион байгуулсан. Түүнчлэн“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар зочлон, монгол өв уламжлал, ахуйг дэлхий нийтэд танилцуулсан юм. Түүний Монголыг сурталчлан бүтээсэн контентыг одоогоор дэлхий даяар 40 гаруй сая хүн үзээд байгаа ажээ. Өдгөө 31 настай тэрбээр өдөр бүр нэг минутын видео бичлэг хийж, юүтүб, фэйсбүүк гэх мэт сошиал сувагтаа байршуулдаг. Тэрбээр 2016 оноос дэлхийгээр аялахаар шийдэж фэйсбүүк хуудас нээжээ.
СОН БИКИ ОДЕЛЬ
“Tourade” аялал жуулчлалын компаниар дамжуулан Солонгосын “хөвсгөр” модель, цахим од Сон Бики Монголд ирсэн юм. Модель, инфлүүнсэр, контент бүтээгч цахим од түүнийг зөвхөн инстаграмд 500 000 гаруй хүн дагадаг бөгөөд мэс засал хийлгээгүй, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй гэдгээрээ олны анхаарлыг татдаг ажээ. Тэрбээр 2021 оны “Максим” сэтгүүлийн наймдугаар сарын дугаарын нүүрэнд гарснаар олон нийтэд танигджээ. Сон Бики Монголд үүлний сүүдэр туссан уул ихэд таалагдаж байгааг цахим хуудсандаа онцолсон байна. “Tourade” аялал жуулчлалын компанийнхан түүнд зургаан сарын өмнөөс Монголд ирэх санал тавьсан аж. Ингээд говиор аялмаар байна гэсэн хүсэлтийнх нь дагуу монгол нутагтай танилцуулжээ.
ЖҮДОЧ ЯСҮХИРО ЯМАШИТА
Олон улсын олимпын холбооны гишүүн, Японы Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, олимпын болон дэлхийн дөрвөн удаагийн аварга, нэрт жүдоч Ясүхиро Ямашита Улаанбаатарт зохион байгуулсан Зүүн Азийн залуучуудын наадмын онцлох хүндэт зочин байлаа. Тэрбээр саяхан Японы жүдо бөхийн холбооны тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд олимпизмд хүчин зүтгэхээр шийджээ. Ямашита Монголын шигшээ багийн бэлтгэлийг сонирхон, манай тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж, амжилт хүсжээ. Алдарт аварга Монголд анх удаа ирсэн нь энэ.
БНСУ-ЫН ЖҮЖИГЧИН ЖАН ХЁГ
БНСУ-ын алдартай жүжигчдийн нэг Жан Хёг өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсад ирээд буцсан юм. Тэрбээр 13 жилийн дараа Монголд ирсэн нь тэр аж. Өмнө нь MBC телевизийн“Sweet rain” энтертайнмент нэвтрүүлгээр Монголд зочилж байжээ. Харин энэ удаа Солонгосын алдарт JTBC телевизийн шоунд оролцохоор бусад жүжигчин болон дуучны хамтаар Монголд зочилсон юм. Тэд “Монгол дахь шууданч” нэртэй нэвтрүүлэг бэлтгэсэн нь өдгөө үзэгчдэд хүрч буй билээ.
НҮБ-ЫН НАЙМ ДАХЬ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ УН
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга БанГи Мун “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад ирээд буцсан. Уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжих талаар ярилцаж, санал солилцсон байна. Олон улсын чуулга уулзалт зохион байгуулах нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих олон талын чухал ач холбогдолтойг БанГи Мун тодотгосон юм.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам