Энэ сарын 27-ны байдлаар манай улсад 424 934 жуулчин иржээ. Ингэснээр 2023 оны зорилтоо 42.4, жуулчлалын оргил үеийнхийг 44.3 хувиар биелүүлэв. Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд Монголд ирсэн жуулчдын 77 хувьтай тэнцэхүйц тооны жуулчдыг энэ оны эхний найман сард хүлээн авлаа. Жуулчдыг улсаар нь ангилбал Орос, Солонгос, Хятадынх давамгайлж байна. Эдгээр орноос ирсэн иргэд нийт жуулчдын 76 орчим хувийг эзэлж буй юм. Үүний дараа казахстан, япон, америк, герман, франц жуулчид оржээ. Аялагчдын 47.8 хувь буюу 203 мянга гаруй нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар, үлдсэн нь Алтанбулаг, Боршоо, Замын-Үүд зэрэг авто замын боомтоор дамжин манай улсад иржээ.