Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан “Энхийн Элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн сургуулийн хаалтын арга хэмжээ Архангай аймагт боллоо. “Энхийн Элч-2023” сургууль нь анх АНУ, Монгол Улсын хамтарсан хоёр талын сургууль байсан бол өнөөдөр нийт 5 орны цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцож, ард иргэдийн эрүүл мэнд, орчин нөхцөлийг сайжруулах, цэргийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх, иргэн цэргийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагддаг хүмүүнлэгийн томоохон арга хэмжээний нэг болжээ. Энэ удаагийн сургуульд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Австралийн Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Тайландын Хаант Улсын нийт 111 цэргийн албан хаагч оролцож, Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир, Цэнхэр, Жаргалант суманд 2023 оны 08 дугаар сарын 14-26-ны өдрүүдэд, богино хугацаанд орон нутгийн ард иргэд, хүүхэд багачуудын төлөө сэтгэл харамгүй их зүйлийг хийж бүтээжээ.
Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудад 2008 оноос зохион байгуулагдаж эхэлсэн тус сургууль нь манай улсад 4 дэх удаагаа амжилттай явагдаж үүрэг, зорилгоо бүрэн дүүрэн ханган биелүүлсэн тухай албаныхан мэдээлж байна. Тухайлбал орон нутгийн иргэдэд нүд, шүд, дотор, зүрх судас, хүүхэд, сэргээн засах чиглэлээр нийт 2000 гаруй иргэдэд үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээжээ. Мөн барилга-инженерийн засварын ажлын хүрээнд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Иргэдэд үйлчлэх төв, Ахмадын төв, Бага сургуулийн хичээлийн болон дотуур байр, сагсан бөмбөг, спорт тоглоомын талбай, түүнчлэн Цэнхэр сумын эрүүл мэндийн төвийн хаалга, цонх, шал, сантехникийн болон цахилгааны засварын ажлыг Монгол, АНУ, Австрали Улсын цэргийн инженерүүд хамтран хийж гүйцэтгэсэн байна.